Ж.Түвшинжаргал: Зарим хүн тарваганы хөшөө хийлгэе гэдэг

Сийлбэрчдийн хувьд чулуугаар бүтээл туурвина гэдэг хамгийн хэцүү байдаг гэдэг. Тэгвэл чулуу, тэр дундаа боржин чулуугаар соёлын үнэт өвийг үлдээдэг эрхмийг өнөөдрийн “Редакцийн зочин” булангийнхаа хойморт урилаа.

-“Редакцийн зочин” буланд маань уригдсан анхны сийлбэрчин та боллоо. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Ж.Түвшинжаргал гэдэг. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул. Аав, ээж минь тэр нутгийн хүмүүс. Би 1996-2001 онд СУИС-ийн Сийлбэрийн ангийг дүүргэсэн. Тэрнээс хойш чөлөөт уран бүтээлчээр ажиллаад, сүүлийн 5-6 жил чулуун баримлаар дагнан ажиллаж байна.

-Сийлбэрчин гэхээр л модоор юм хийдэг хүмүүс санаанд ордог. Тэгэхээр та чулуун сийлбэрийг дагнан хийхээсээ өмнө юугаар сийлбэр хийж байв?
-Мод, яс гэх мэт бусад зүйлсээр сийлбэр хийдэг байсан. Гэхдээ оюутан байхдаа чулуугаар юм хийх гэж үзнэ. Тэрнээсээ болоод багшдаа “Ямар том зантай юм” гэх зэргээр зэмлүүлж л явлаа. Тэгээд Америкт 2-3 жил болохдоо чулуугаар сийлбэр хийж үзээд эргэлт буцалтгүй амтанд нь орчихсон. Чулуу гэдэг үнэхээр хэцүү л дээ. Хэр баргийн хүн шууд чулуун сийлбэр хийнэ гээд бариад авдаггүй. Миний хувьд бол чулуугаар баримал хийнэ гэдэг бол мөрөөдөл, хүсэл минь байсан гэж хэлж болно. Аливаа зүйлийн эх загварыг чулуугаар гаргахдаа тэрийгээ хэд дахин томруулж дотроо төсөөлнө, том баримал бүтээнэ гэж мөрөөднө…

Урлагийн түүхүүдийг харж байхад бүхий л чулуун бүтээлүүд үлдсэн байна. Чулуу гэдэг бол байгалийн өвөрмөц бүтээл шүү дээ. Тийм болоод ч тэрүү чулуугаар бүтээл хийхээр илүү амьд болдог шиг санагддаг. Тэгээд л чулуунд дурласан байж магадгүй. Бүр тэгээд цаанаасаа намайг чулуу руу урва гэж байгаа юм шиг хүний газарт яваад очсон чинь чулууны үйлдвэрт ажилд орж таарсан. Газар газраас ирсэн олон өнгийн чулууг хараад дуу алддаг байлаа. Гадаадад байхдаа бол баар, рестораны интерьер дизайны чимэглэлийн зүйлүүдийг ихэвчлэн хийдэг байсан. Яг баримлыг бол Монголдоо ирээд л хийж эхэлсэн дээ.

-Хэдэн оноос хойш чулуугаар уран бүтээл хийсэн юм бэ?
-2006 оноос хойш өдийг хүртэл гэхээр есөн жил болсон байна.

-Чулуугаар хийсэн томоохон бүтээлээсээ нэрлээч?
-Томоохон 40-50 бүтээл байгаа. Үүн дээр бүтээсэн суварга, шүтээний тоог оруулах юм бол бараг 200-300-д хүрсэн байх.

-Чулуугаа ер нь яаж сонгож байна?
-Манай улсад хэд, хэдэн төрлийн боржин чулуу байдаг. Монголын боржин чулууг дэлхий нийт хүртэл судалчихсан байдаг юм билээ. Монгол боржин бол боржин чулуулаг дундаа залууд тооцогддог. Нарийн зүйлийг хийхэд ур гоё гардаг, урт настай, хатуу гэх мэт олон давуу талтай.

Бид чулуугаа олборлохын тулд газрын өнгөн дээрээс биш, ухаж авдаг. Учир нь өнгөн дээрх чулуунууд цаг хугацааны эрхээр өгөршилт ихтэй болсон байдаг. Тиймээс ухаж авч байгаа. Гэхдээ одоо техник харьцангуй хөгжөөд, том чулуунуудыг олборлоход саадгүй болсон. 3 метр хүртэлх өндөр чулууг хүртэл өргөөд гаргаад ирдэг болсон учраас тэр хэмжээний чулуунаас нэг баримал гаргачих тохиолдол байна. Тэрнээс том болчихвол суурь наагаад, дүрс нь нэг том чулуу байдаг ч юм уу, янз бүр л дээ.

Том чулуу нэг бүтээл болдог гэсэн. Нэг том чулуугаар бүтээл хийсэн жишээ дурдаач?
-Хөвсгөл аймагт боссон Ширэндэв гуайн баримал байна. Энэ баримал сууринаасаа дээш 2.7 метр, “Глобал центр”-ийн хашаанд байгаа ирвэс л гэхэд ямар ч наалтгүй нэг чулуунаас гарсан, 3.45 метр өндөр байх жишээтэй.

-Наалтгүй хийж байгаа чулуугаар бүтээл хийхэд хэцүү юу?
-Сайн тоног төхөөрөмж байхад гайгүй ээ. Цаг л их ордог. Ирвэсийг л гэхэд нэг жил хийсэн байх.

-Чулуунуудаа ихэвчлэн ухаж авдаг гэлээ. Байгаль дэлхийтэй харьцаж байгаагийн хувьд тодорхой ёс жаяг үйлддэг үү?
-Манайхны хувьд социализмын үеэс чулуугаар барилга байгууламж, баримал зэргийг хийж байсан учраас хуучны чулуу олборлож байсан газар нэлээд байдаг. Тэдгээрээс авдаг. Мэдээж хэн дуртай нь харсан газраасаа чулуу аваад байна гэсэн ойлголт байхгүй. Тусгай боржин чулууны нөөцтэй газраас авна. Тэгэхийн тулд орон нутгийн байгаль орчны газар, Засаг захиргаанаас зөвшөөрөл авах зэргээр их ажил болно. Түүнийхээ дараа ухсан газраа нөхөн сэргээх гэж асуудал бий.

-Яг хаанаас чулуугаа авч байна?
-Монгол орон тэр чигээрээ боржин чулууны нөөцтэй. Бидний хувьд Төв аймгийн Эрдэнэ сумаас голчилж авдаг. Гэхдээ газар болгоноос чулуу авч болдоггүй. Манайхан их сүсэг бишрэлтэй болоод тэр үү, эсвэл газар нутаг минь их догшин болоод тэр юм уу чулуугаа өгдөг, өгдөггүй газар гэж бий. Өгдөг газраасаа аргадаж авна. Аргадаж авахаар аливаа ажил саадгүй, сайхан бүтдэг.

-Баримлыг өөр чулуугаар хийж болох уу. Та хийж байв уу?
-4-5 төрлийн боржин чулуунаас гадна гантигаар баримал хийж байсан. Монгол орны цаг уурын нөхцөл байдал нөлөөлөөд ч тэр юм уу гантиг чулуугаар бүтээл хийхээр цав их гардаг юм билээ. Боржин чулууг техник технологи нь дааж, гаргаж чадвал цав байдаггүй. Тэр нь агуу шүү…

-Сийлбэр, баримлуудаа хүнтэй хамтарч хийдэг үү?
-Энэ чулууг чинь ганцаараа хөдөлгөж, баримал болгоно гэж байхгүй л дээ. Өөрөө их загвараа гаргаад ажилчидтайгаа хийнэ. Том зүйл хийлээ гэхэд хувааж аваад л ажилдаа ордог. Тэгээд нийлээд нарийн зүйлүүдийг хийхдээ өөрөө гардан ажиллах тал бий.

-Боржин чулуу ур сайн гаргадаг гэдэг юм билээ. Үүнийг тайлбарлаач…?
-Чулуу бүрт онцлог байдаг. Нэг чулуу сонгож аваад үнэхээр гайхалтай бүтээл болгоод гадаа байршуулахаар өөрөөсөө хэтэрхий их гэрэлтдэг чулуунууд мэлийгээд, хаана нь юу байгаа нь мэдэгдэхгүй болчихдог. Тэгэхэд зарим чулуу байгалийн нарыг өөртэй шингээгээд, гэрэл сүүдэр нь тохироод хийсэн бүх чимэглэл тодроод сайхан харагдах нь бий. Авдрантын ногоон боржин, Замтын шар боржин бол гоё биш, Эрдэнэ сумын саарал боржин, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнийн улаан боржин, Өвөржанчивлангийн цайвар ногоон боржин зэргийн ур их гоё гардаг. Ер нь чулууг ухаад авч байхад л чанар нь танигддаг. Тухайн авч очсон краныхаа даацаар чулууг цуулахад цууралтаасаа эхлээд сайн, мууг нь мэдчихдэг. Чулуу чинь ширхэгтэй эд.

-Хүний захиалгаар баримал хийж байна уу. Эсвэл өөрийн зохиомжоор бүтээл туурвиж байна уу?
-Ихэвчлэн захиалгаар хийдэг. Түүний хажуугаар бас уран бүтээл хийнэ ээ. Ажлынхаа хажуугаар баримал хийж байгаад 15-20 болгоод хотынхоо төвд ч юм уу, Туулынхаа эрэг дээр ч юм уу үзэсгэлэн гаргая гэж боддог юм. Гэтэл бэлэн болсон бүтээлүүдийг маань хүмүүс авчихаад одоохондоо нэг л болохгүй байна.

-Захиалгын дийлэнхийг ямар бүтээл эзэлдэг вэ?
-Сүүлийн үед хүмүүс суварга их хийлгэж байна. Үүнээс гадна хамгийн гол нь тухайн хүний барималд хандах үнэлэмж захиалгад шууд нөлөөлж байна  л даа. Хүн юм үзэж нүд тайлаад ирэхээрээ юмыг огт өөрөөр хараад, үнэлээд эхэлдэг юм байна.

-Нэг бүтээлийг дахиж хийхэд хэзээ ч эхнийх шигээ болдоггүй-

-Таны уран бүтээл дунд Сонгинохайрханы савдаг байна л даа. Савдаг гэдэг бол манайхны оюун ухаанд л байдаг зүйл шүү дээ. Түүнийг урлан бүтээх хэцүү байв уу?
-Уулын савдаг, лус зэргийг нүдэнд харагдтал биччихсэн зүйл Буддын сударт нь байдаг юм билээ. Тэр уулын савдаг бол тийм сахалтай, таягтай, үхэр, морь унасан зэргийг нь биччихсэн байдаг. Тэрийг нь харж байгаад зураг, скезийг нь гаргана. Тэгээд захиалагч нь зөвшөөрвөл хийнэ дээ.

-Хэмжээ алдаж  байсан тохиолдол бий юу?
-Зөндөө. Нэг бүтээл хийж байтал хөрөө багажны ир арай их ороод буруудаж байсан тохиолдол бий. Тэгээд дахиад шинээр эхэлж байсан. 1.60-тай хүний хөргийг хийж байснаа энэ буруу болчихлоо, 1.50-тай хийчихъе гэхгүй шүү дээ. Тийм учраас дахиад л хийхээс өөр аргагүй.

-Буруу хийсэн бүтээлээ тэгээд шууд хаячих уу?
-Жижиглээд өөр юм хийнэ.

-Ер нь баримал тухайн эх бүтээлтэйгээ, хүнтэйгээ ижил хэмжээтэй байх ёстой байдаг гэсэн үг үү?
-Тухайн захиалагчийн бодол л доо. Би дураараа томруулж, жижгэрүүлэх аргагүй. Баримлын бас нэг давуу тал нь нэг байсан бүтээл нэг л байна. Нэг бүтээлийг дахиж хийлээ гэхэд хэзээ ч эхнийх шигээ болдоггүй.

-Оюутан байхдаа чулуугаар юм хийх тэмүүлэлтэй, хүсэлтэй байжээ. Тэгвэл тэрийгээ биелүүлээд ирэхээр бас өөр зүйлийг хүсч мөрөөдөж эхэлсэн байх?
-Оюутан байхаас одоог хүртэл хүсч, бодож ирсэн нэг зүйл бий. Тэрэлжийн уулсыг ажиглаад байхад их өвөрмөц, сонин содон, гайхалтай сэдлийг төрүүлдэг. Ирээдүйд яг л тэр уулсыг цогцоор нь бүтээл болгочихсон, тэрийг монгол төдийгүй дэлхийн хүмүүс зорьж ирж үздэг, нэг үгээр хэлбэл, Байгаль арт галерей ч гэх юм уу тийм зүйлийг л хийхийг мөрөөддөг дөө. Энэхүү ажилтай маань төстэй ажлыг бурханч лам Г.Пүрэвбат эхлүүлсэн гэж ойлгож болно. “Аглаг бүтээлийн хийд”-ийг анх зураг төслийг нь гаргахаас эхлээд би гар бие оролцсон. Анх сүмийн суурийг тавих гээд ухаж байхад том том чулуу гарч, үүнийг холдуулмаар байна гэж хандаж байсан. Бид очоод тэр том чулууг ашиглаад өөр зүйл болгоё гэх санал тавьсан. Тэр үед Г.Пүрэвбат лам ч гэсэн “Зүүдэнд ингэж чулуу гарч ирнэ гэж” орж ирж байсан. Тиймээс үүнийг холдуулалгүй бүтээл болгоё гэж ярилцаад сэнтий болгож байлаа. Дараа нь үүдэнд нь байгаа найман арсланг мөн л тэндээс гарсан чулуугаар хийсэн. Тэгээд ер нь энд тэндээс нь чулуу гарч ирвэл л бүтээл болгож байсан даа.

-Та бүтээлээсээ хамгийн өвөрмөцийг нь нэрлээч?
-Уран бүтээлч хүн хийсэн бүтээл болгондоо хайртай байдаг юм. Үнэхээр тэндээс нэрлэ гэвэл сүүлд хийсэн тэмүүлж буй азаргаа хэлье. Үүнийг би их бодож байж хийсэн. Тийм хэмжээний азарганы баримал Монголд төдийгүй дэлхийд байхгүй болов уу.

-Ер нь монголчууд адууны баримал, тэр дундаа ахуйн соёлтойгоо холбоотой бүтээл их туурвидаг юм шиг ээ…?

-Би уяач өвөг дээдэстэй, уяач айлын хүүхэд. Бага байхаасаа л хурдан морь унаж, найр наадамд уралддаг байлаа. Тиймдээ ч адуунд их дуртай, хайртай… Цэцэрлэгт байхдаа дан морины зураг зурж, үзэсгэлэн гаргаж байсан. Дөрөвдүгээр ангидаа бас бие даасан үзэсгэлэн гаргаж байсан. Монголд байгаа адууны баримлууд болхи, гүйцэтгэл муутай, нэг л дутмаг санагддаг. Социализын үеийн өвгөн мастеруудын маань хийсэн бүтээлүүд л байдгаас сүүлийн үеийн сайн баримал гэж байхгүй болсон юм шиг санагддаг. Тэгээд л тэр азаргаа хийсэн. Зохиомжийг нь гаргахдаа усан давалгаан дундаас, бугуйлаа чирэн цойлж  гарч ирж байгаагаар гаргасан.  Энэ нь хүн аливаа салбарт ажиллахдаа алтан дундаж биш, цойлж, тэргүүлж байх ёстой шүү гэх утгыг илэрхийлсэн. Би яг ингэж боддог хүн л дээ. Аливаа ажлыг бусдаас илүү, тэргүүлж хийж чадахгүй бол ажиллаад хэрэггүй гэж… Модон тавилга хийхдээ хүртэл дэлгүүр бүрт байгаа шиг биш, арай өөр хийх ёстой гэх санаа. Тэрийг л хүмүүст ойлгуулах гэж баримлаа хийж байлаа.

-Тэр азарга одоо хаана байна?
-“Ажнай”  корпорацийн Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ авсан. Нүхтийн аманд байршуулах байх. Нүхтийн аманд том цогцолбор байгуулж байгаа юм билээ.

-Уран бүтээлч хүний хувьд ур ухаанаа гаргаж хийсэн бүтээлийг тань нэг уулын мухарт аваачаад тавьчихаар харамсалтай байдаг болов уу?
-Миний хувьд хотын төвд ч юм уу, эсвэл байнгын хүн явж, хөлхөлдөж байдаг гудамжинд бүтээлээ тавих юмсан л гэж боддог. Гэхдээ манай монголчууд чинь юмыг өмчлөх дуртай ш дээ. Худалдаад авчихсан юм чинь би энийг дуртай газраа тавина гэдэг… Тэгээд л нэг уулын дээр, амралтын газартаа аваачаад тавьчихдаг.

-Чулуугаар юм хийдэг хүмүүсийн уушиг нь мууддаг гэж ярьдаг юм билээ?
-Аливаа юмны тоос шороо гэдэг муу нь муу л байх. Гэхдээ миний хувьд боржин чулуугаар юм хийдэг болоод ч тэр үү жаахан өмөөрмөөр санагдаад байдаг юм. Хүмүүсийн яриад байдаг шиг уушгинд нөлөөлөөд өвчлүүлээд байгаа юм алга л байна. Мэдэхгүй, сураглахгүйдээ биш, би хүмүүсээс асуугаад л байдаг юм. Ийм чулуутай ажилладаг хүмүүс 5-6 жил болоод шинжилгээнд ордог. Тэгэхэд бүхэл бүтэн 15 жил Авдрантын хориход ял эдэлж, боржин чулуугаар баримал хийж  байсан хүний уушги эрүүл гарсан. Хориход бол маск гэх мэт хөдөлмөр хамгааллын зүйлс байхгүй ш дээ. Америкт л гэхэд боржин чулууг маш их дээдэлдэг. Айлууд нь чадвал цонхныхоо тавцанг, бүр чадахгүй бол унтлагынхаа өрөөний орны хажуудах шкаф дээр ч юм уу нэг жижиг боржин чулуун сувинер тавьдаг. Энэ чулуу их энерги өөртөө татаж, хүнийг сайхан амраадаг гэдэг. Үүнээс гадна Занабазарын Төвхөн хийд, Өмнөговийн Дэмчигийн хийд гэх мэт бол цул боржин тогтоц шүү дээ. Тийм газруудад бурхад, номын мэргэд шавилан сууж, гэгээрсэн байдаг. Дундговийн Чойрын хийд ч цул боржин шүү дээ.

-Таны бүтээлд хүүхэдтэй холбоотой хөшөө хэр их вэ?
-Нэлээд бий. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Төрөх эмнэлгийн үүдэнд, Сүхбаатар аймагт хэд хэд байна. Хэнтий аймгаас Тэмүүжингийн бага насыг хийж өгөөчээ гэх захиалга орж ирсэн. Хийж байгаа. Хүүхдийн баримал хийхэд  гэгээлэг их сайхан мэдрэмж төрдөг.

-Та хөөрөг хийдэг үү?
-Хөөрөг хийж болно л доо. Гэхдээ одоо уран бүтээл тал руугаа дагнан хийж байгаа. Одоо цагт хүн бүрийн хийж байгааг хийгээд баймааргүй байна.

-Та бүтээлээ хаана хийж байна. Орон нутгаас захиалга ирлээ гэхэд очиж хийх үү?
-Ихэнхдээ хотод хийчихээд орон нутаг руу тээвэрлэдэг. Зарим газар нутгийнхаа чулуугаар бүтээл хийлгэе гэвэл очоод хийчихдэг. Тийм тохиолдол маш цөөхөн.

-Зарим газарт хайран зүйлээр арай л дэндүү муухай зүйл хийчихсэн тааралддаг. Мэргэжлийн хүн тийм зүйлийг бүр хянамгай харна биз?
-Тийм зүйл тааралдана. Цаадах захиалагч тал нь яаж хүлээж авсан юм бол гэмээр, өмнөөс нь санаа зовмоор зүйлтэй таарч л байлаа. Энэ бол хаана, хаанаа л байх ёстой хариуцлага. Ийм байдал одоо байгууллага болгонд харагдаж байна. Одоо бол яахав нэг нь хийсэн, нөгөөх нь хийлгэсэн нэртэй. Харин дараа нь хойч үе минь хараад шоолно ш дээ. Тэрнээс л  ичих хэрэгтэй. Ер нь дэлхий нийт аливаа улс орныг хөшөө дурсгал, хийсэн бүтээснээр нь үнэлдэг. Гэтэл манайд ирсэн чинь хүүхдээр хийлгэсэн юм шиг хөшөөнүүд байвал муухай биз дээ.

-Дотооддоо төдийгүй дэлхийд чанартай гэж харж байсан уран бүтээл байна уу?
-Жанрайсаг, Цонжинболдогийн Чингисийн морьт хөшөөнөөс эхлээд сайхан, сайхан бүтээл байна. Дэлхийд бол Ромын тэр барилга байгууламж, хөшөө дурсгал үнэхээр гайхалтай.

-Монголдоо хамгийн томд тооцогдох “Ногоон дарь эх”-ийн хөшөөг босгосон-

-Төрийн ордны өмнө байрлах Чингисийн хөшөөг толгой жижигтэй гэж шүүмжилдэг?
-Хажуунаас нь харахад порпорц нь зөв байдаг. Уг баримлыг хийж байгаа хүн нь өөрөө тооцоолох хэрэгтэй л дээ. Жанрайсаг бурханы хувьд доороос нь харахад зөв харагддаг. Гэтэл яг хажуунаас нь харахад маш том толгойтой. Яг тэрэн шиг алслал зэргийг бодох хэрэгтэй. Чингисийн хувьд сууж байдаг, хүмүүс яг өмнөөс нь хардаг. Тэгэхээр толгой нь жижигхэн харагдах нь ойлгомжтой.

-Хотын төвд таны бүтээлээс тавигдсан байна уу?
-“Саруул” төвийн хашаанд, “Өнөр хотхон”-ы үүдэн дэх хос заан байна.

-Хүмүүс хөшөөн дээр элдэв юм их бичдэг. Танд ямар санагддаг вэ?
-Тэр зохимжгүй. Гэхдээ 10 жилийн дараа гэхэд засарчих байх. Хаа газар байж байгаад аяндаа алга болчихдог юм билээ.

-Та Өүлэн эхийн цогцолбор хөшөөг хийсэн. Энэ талаараа яриач?
-Өүлэн эхийн цогцолбор хөшөө бол Монголд байгаа чулуун баримлын хамгийн том бүтээл. Суурьтайгаа нийлээд 13.6 метрийн өндөртэй, цул чулуун баримал. Наахан талд нь алдартай хатдын хөшөө бий. Цогцолборын хаалгыг цул чулуугаар хийсэн. Өндөр нь 7 метр, урт нь 14.5 см. Монголдоо хамгийн томд тооцогдох хаалга. Цогцолборыг 20 гаруй хүн хоёр гаруй жилийн хугацаанд бүтээсэн. Эх загварыг нь би гаргаад бусдыг нь ажилчидтайгаа хамтарч хийсэн.

-Энэхүү хөшөөнөөс өөр цогцолбор бүтээлүүдээ нэрлээч гэвэл?
-Өөрийн “Боржин чулуу” ХХК-аа байгуулахаасаа өмнө “Үүдэн чулуу” компанитай зургаан жилийн турш хамтарч ажиллаж байсан. Тэнд байхдаа Сүхбаатар аймагт цогцоор нь баримал хийсэн. Хөвсгөл аймагт Ширэндэв гуайн талбайг мөн цогцоор нь хийсэн.  

-Өнгөрсөн зун “Ногоон дарь эх”-ийн хөшөөг бүтээсэн?
-Боржин чулуугаар хийгдсэн хамгийн анхны, хамгийн том “Ногоон дарь эх” гэж ойлгож болно. Суурьтайгаа нийлээд 6 метр өндөр. Үүнийг хийхдээ хүнээс хандив, мөнгө цуглуулаагүй. Өөрсдийн хөрөнгөөр, хүч хөдөлмөрөөрөө дэлхий нийт, Монголынхоо нийт сайхан ээж, эмэгтэйчүүдэд зориулж бүтээсэн. Анх хөшөөг бүтээх санаа төрсөн түүхээ яривал, аав маань эхээс гурвуулаа. Хамгийн том ах нь Хаянхярваа гэж уран дархан хүн байсан. Тэр хүн Дундговь аймгаас Сүхбаатар аймагт цэрэгт татагдаж ирээд, тэндээ суурьшиж гэр бүлтэй болсон юм билээ. Тэр хүн их залуудаа бурхан болсон. Тэр ахын маань эхнэр биднийг их эрхлүүлнэ. Миний ухаан орсон цагаас хойш эмээ гэж өссөн хүн маань тэр хүн л дээ. Тэр хөгшин маань бурхан болоод 10 жил болж байна. Уран дархан байсан ахдаа, эмээдээ зориулж энэхүү бүтээлийг хийсэн гэж ойлгож болно. Одоо хүмүүс маш их очдог болсон гэсэн.

-Хаана байдаг билээ?
-Сүхбаатар аймгийн Төрөх эмнэлгийн үүдэнд. Төрөх гэж байгаа, хүүхдээ төрүүлээд гарч байгаа ээжүүд мөргөж, шүтдэг гол шүтээн болсон.

-Хүмүүсээс өвөрмөц сонин захиалга хэр их ирдэг вэ?
-“Бэлэг эрхтэн хийлгэе” гэж орж ирж байсан. Тухайн үед надад их сонин л санагдсан. Тийм захиалга өгсөн хүн яагаад ийм зүйл хийлгэх болсон сэдлээ ярьж өгсөн л дөө. Өвөрхангай аймгийн Эрдэнэзуу хийдийн урдхан талд хугарчихсан жижиг бэлэг эрхтэний хөшөө байдаг юм. Тэр хөшөөний хавиар мань эр хэдэн Япон дагуулаад явж л дээ. Өөрөө Японд байсан, тэнд аялал жуулчлалын чиглэлээр ажил эрхэлдэг. Тэр шугамаараа хэдэн Японд Монголоо сурталчилж яваад тэр хөшөөтэй таарсан гэж байгаа. Японд 3 м өндөр бэлэг эрхтэний хөшөө байдаг иргэдэд нь хүүхэд гуйж, мөргөж сүсэглэдэг юм байна.

Тэгсэн нөгөө Япончууд манай тэр хөшөөг харчихаад “Өө монголчуудынх ийм жаахан юм байхдаа”, “Энийгээ янзалчихаж чаддаггүй юм байхдаа” гэх зэргээр хоорондоо ярилцсан гэж байгаа юм. Тэгэнгүүт мань эр шаралхаад Японд чинь 3 метр байдаг бол Монголдоо би 3.5 метрийг хийлгэнэ ээ гэж омогшоод  над дээр орж ирсэн. Би ч хийж өгсөн. Хийлгээд нөгөө хугархайныхаа оронд байрлуулаад, байрлуулсан жил нь Өвөрхангайд маш их цас ороод ард иргэд нь “Энэ ёстой буруу юм ирлээ” гээд эзнийг нь буцааж ав гэж. Тэгээд нөгөө залуу Төв аймагт байх өөрийн амралтын газартаа байрлуулсан гэсэн.

-Энэ хөшөөний мөнгө улсын төсвөөс гарсан гэх мэт яриа гарч байсан санагдаж байна?
-Энэ хөшөөг хоёр найз хийлгэсэн юм. Нэг найз нь төрийн байгууллагад ажилладаг байж таараад тэгээд тиймэрхүү яриа гарч байсан. Мөнгө яг хаанаас гарсныг бол би мэдэхгүй. Манайхан ч тэгээд их хардамтгай шүү дээ.

-Томоохон хөшөө дурсгалын зүйлийг жижгэрүүлж хийлгээд, өөрийн ширээн дээр тавих сонирхолтой хүмүүс байх уу?
-Одоо хүмүүс өөрсдийнхөө жилийг хийлгэдэг болсон байна лээ. Ихэвчлэн тэргүүлэх зиндааны нөхдүүд хаш чулуу зэрэг үнэт чулуугаар тамганыхаа дээд талын дүрсийг өөрийнхөө жилээр хийлгэх сонирхол ч их болсон.

-Боржинг өөр чулуутай хольж хөшөө хийж байсан уу?
-Болох нь болно. Жижиг хэмжээний зүйлд жижиг металл оруулж байгаа. Зарим үед өнгийн чулуунуудтай хольж байна. Яваандаа том бүтээлүүдийг хольж бүтээх санаа байгаа.

-Бүтээлүүд дотор чинь тооно туших уяагаар хөшөө хийсэн харагдсан…?
-Ер нь урлагийн бүхий л нарийн нандин зүйлс Монголд байгаа мэт санагддаг юм. Зөвхөн уяаг л бодоод байхад олон төрлийн янз бүр атлаа, бүгд утга учиртай, хурдан тайлагддаг ч гэх юм уу сонин шүү дээ. Чөдөр, тушааны зангилааг л хараад байхад гурван хөл рүү явуулсан тэр зангилаа сонин. Хүчээр бус ивээр явуулчихсан. Уран зангилаа гэдэг бол тэр чигээрээ урлаг. Тиймээс тэрийг яагаад чулуугаар хийж болдоггүй юм гэж бодсон. Орчин үеийн хүмүүс ч энэ уяа, зангилаагаа мартчихаж байна. Тиймээс сануулах, биет болгож өвлүүлж үлдээх зорилгоор цувралаар хийж байгаа. Хүмүүс их сонирхдог. Гэхдээ зараагүй.

Энэ зангилаануудыг хийхдээ зүгээр нэг хийчихээгүй. Эмэгтэй хүний донж оруулж хийсэн. Өндөр нь 3-4 метрийн хооронд 5-6 бүтээл хийгээд хотынхоо гудамжинд, тодорхой тайлбартай, явган хүнийх нь зам сүлжсэн юм шиг, хажууд нь байх сандал нь хүртэл монгол төрх, зангилааг илэрхийлсэн бүтээл болгоод тавимаар санагддаг юм.

-Чулуун хөшөөнүүдийг нийлүүлээд үзэсгэлэн гаргаж мэдээж болохгүй. Тэгвэл өөрийн хийсэн тэрхүү бүтээлүүдийнхээ жижгэрүүлсэн хувилбараар, скез зургаар ч юм уу үзэсгэлэн гаргах бодол байна уу?
-Хамгийн эхний том зорилго тэр байна. Байгалийн юмыг байгальд нь бүтээгээд үзэсгэлэн гаргах. Тэр үед улсаас зөвшөөрөл өгөх байлгүй дээ. Туул голын бургастай, сайртай нэг тохой дээр, гүехэн устай хэсэгт нь зарим бүтээлээ тавиад заримыг нь бургасан дунд байрлуулаад л олон хүн түүнийг сонирхон үзэх хэмжээний үзэсгэлэн гаргахыг хүсдэг. Зориуд нэг завь гаргаад завиар явж үзэсгэлэнгээ үзвэл сайхан гэж мөрөөддөг.

-Талд давхиж яваа цагаан зээрийн хөшөө хаана байдаг юм бэ?
-Сүхбаатар аймагт байдаг. Тус аймгийн хувьд цагаан зээр нэг брэнд нь гэж хэлж болно. Сүүлийн үед нутгийн иргэд зээрээ маш ихээр агнаж, устгаж эхэлсэн байгаа юм. Тэрийг нь болиулах үүднээс аймгийн Засаг дарга нь ийм цогцолбор байгуулах гэсэн юм аа хийгээд өгөөч ээ гэх хүсэлтийг гаргасан.

-Туулынхаа эрэг дээр томоохон чулуун баримлын үзэсгэлэн гаргахыг мөрөөддөг – 

-Хөшөө ихтэй газар хөгжил багатай гэж ярьдаг юм билээ. Үүнтэй та санал нийлэх үү?
-Худлаа. Манай ард иргэдийн соёлтой л холбоотой ийм яриа гарч байгаа юм. Гадны улсуудад явж байхад онгоцны гарах хаалганаас эхлээд хаа явсан газар гоё, гоё хөшөө байдаг. Тэндээс харахад хөшөө харин ч их байх ёстой. Гэхдээ чанартай. Урам зориг авч, сэтгэлгээ өөрчлөгдмөөр байх ёстой.

-Аливаа зүйлийг яг ижилхэн хийх онцгүй байдаг гэдэг. Жишээлбэл, морин хуур шиг барилга барина гэдэг утгагүй гэх архитектурын яриаг сонсож байсан?
-Манай монголчууд аливаа зүйлийг яг л байгаагаар нь хийлгэх бодолтой байдаг. Тэр хүмүүстэй зөрье гэхээр бид бас чадахгүй байна. Учир нь бид л мөнгө төлж байгаа юм чинь яг тэрүүгээрээ хийлгэнэ гэдэг. Бидний хувьд болохоор арай өвөрмөц өөр санаа оруулчихмаар байдаг. Гэтэл нөгөө захиалагч үгүй ээ тийм юм байхгүй гээд зүтгэчихдэг.

-Тэгвэл яг тэр хөшөөг дуурайлгаад хийгээд өгөөч ээ гэх хүсэлт ирж байв уу?
-Нэг ирсэн шүү. Дундговь аймгийн Чүлтэм аваргын хөшөөг хийгээд байрлуулсны дараа жил Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хэсэг нөхөд яг өнөө Чүлтэм аваргын хөшөөний зургийг барьчихсан намайг хайж ирсэн.  Ирээд огт өөр хүнийг яг тэр зураг шигээ хийлгэе гэсэн. Уран бүтээлч хүний хувьд нэг хийсэн бүтээлээ дахиж хийнэ гэдэг хэзээ ч өмнөх шигээ болдоггүй. Тэгээд өөр хүнийг огт өөр хүнтэй ижилхэн хийлгэе гээд байх чинь утгагүй биз дээ. Миний бие дээр чиний толгойг залгая гэж байгаатай л ижил зүйл шүү дээ. Тэгээд би хийхгүй гээд явуулчихсан. Тэгсэн надтай хамт ажиллаж байсан нэг хүнээр яг яриад байснаараа хийлгэсэн байсан. Дуурайхдаа илүү гаргаж дуурайхгүй бүр хачин болгочихсон. Одоо нэг тийм сонин юм байдаг л юм билээ.

-Ингээд ярихаар зохиогчийн эрх гэж их чухал байгаа юм. Хөшөө дурсгалдаа зохиогчийн эрх авч байна уу?
-Нэг их зохиогчийн эрх гээд хөөцөлдөөд байдаггүй. Хуучин мод, хүрэл цутгуур зэргээр юм хийхдээ зохиогчийн эрх гэж авч байсан. Гадаадад хэдэн жил ажиллаад явж байхад Монголд хийж байсан бүтээлийг маань нэг хүн өөрийнхөө нэр дээр хувилаад зарж байсан тохиолдол гарч байсан учраас авч байсан. Энэ мэтийн том зүйл дээр бол зохиогчийн эрх авч байгаагүй ээ.

-Гадаадаас хэр захиалга авч байна?
-Орос руу гурван баатрын цээж баримал хийж явуулсан. Оросоос Өүлэн эх болоод таван хөвгүүнийх нь баримлыг хийгээд өгөөч гэх санал ирсэн. Загвар дээр нь ажиллаж байна. Өүлэн эхийн төрсөн газар Буриадад байдаг юм байна. Хятадаас мөн захиалга ирж байна. Нэг том сүм хийд барих гэж байгаа юм байх. Тэгээд надад хандсан. Энэ мэтээр ирж л байна.

-Ярилцсанд баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published.